Сайн туршлага · 2023 оны туршлага

Бүлгийн зохион байгуулалтад орсноор хамтдаа сайжруулалт хийх сэтгэл нийлсэн багтай болсон

Г.Бөхболд анх НҮБ-ын Хабитатын “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслийн талаар мэдээлэл авснаар төслийн багийнхантай уулзаж сургалт, уулзалтуудад хамрагдах болжээ. Улмаар гудамжиндаа Баянхайрхан бүлгийг байгуулан өөрөө бүлгээ ахлан ажиллаж эхэлсэн байна.

Гэр хорооллын жорлон ийм л байх ёстой гэсэн сэтгэлгээтэй байсан түүний хувьд бүлэг байгуулж бүлгийн ахлагч болж, өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах ажлыг гардан хариуцаж, төслийн багтай гэрээ хийж, бүлгээсээ гарын ур дүй сайтай хэсэг хүмүүсээр баг бүрдүүлэн удирдан ажилласан нь хувь хүний сэтгэлгээг өөрчлөх хувьсгал болжээ. Нүхэн жорлон бидний аав ээжийн үед ч ийм л байсан, ийм л байх ёстой гэсэн сэтгэлгээ өөрчлөгдөж цэвэрхэн, аятай тухтай болгох сэдэл, шийдэл хайх болжээ.

Жорлон барихаар очих үед зарим айл том хүнгүй хүүхэд настай хүн байж таарах, нүх ухах газраа сайн сонгоогүй байх, кольцо зөөж тээвэрлэх үед том машин явах боломжгүй нарийн гудамж эсвэл огцом эргэлттэй гудамж зэрэг бэрхшээлүүд тулгарч байсан. Зарим айл өрхийн гишүүд өөрсдийн дураар нүхээ том ухуулах, олон кольцо суулгуулах гэж загнах уурлах, хад ихтэй газар нүх ухах үед механизм эвдрэх, материал сонгох үед юмны үнэ өссөнтэй холбоотой чанар муутай, олдоц ховор байх гэх мэт хүндрэлүүд үүсэж байсан. Өөрсдийн биеэр Эрээн явж материалаа сонгон авах сорилт ч тулгарч байлаа хэмээн тэрээр сурсан сургамж, олсон туршлагаа хуваалцаж байлаа.

Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).