Сайн туршлага · 2023 оны туршлага
Сургалт семинаруудаас олж авсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлсэн туршлага
М.Оюунцэцэг нь СБД-ийн 16-р хороонд амьдардаг. Анх НҮБ-ын Суурьшлын хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд гудамжныхаа иргэдийг манлайлан бүлэг байгуулсан. Төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Хог хаягдлыг баялаг болгох нь”
сургалтад хамрагдаж, улмаар айл өрхүүдээс дахин ашиглаж болохоор хог хаягдал маш их гарч байгааг анзаарч, бүлгийн гишүүдийнхээ дунд хог ангилах санаачилга гаргасан байна. Гэр хорооллын гудамжны ойр орчимд хатуу хог хаягдлаас болж суваг шуудуу бөглөрч үерийн болон борооны ус гудамж, айл өрхийн хашаанд халин орж, хог шороо хөглөрч орчны өнгө үзэмжийг муутгадаг. Хэрэв бид хогоо зөв ангилж чадвал энэ эмх замбараагүй байдал цэгцэнд орно гэж боддог тухайгаа тэр хуваалцлаа.
Тэтгэвэрт гарсан хүн ажил хийхээ больсон гэсэн үг биш.
М.Оюунцэцэг
Мөн тэдний бүлгийн гишүүд тохиролцож, өрх бүр зөвхөн нэг төрлийн хог хаягдал цуглуулахаар шийдсэн байна. Жишээлбэл, нэг өрх нь хуванцар, нөгөө нь шилэн сав, бас нэг өрх нь цаас гэх мэтээр төрөлжин цуглуулахаар тохиролцжээ. Хэрэв иргэд хогийг урьдчилан ангилж чадвал, аажмаар орлого бий болгож, хуримтлал үүсгэх боломжтой. Хуримтлалтай бол бид өөрсдөө илүү сайн хогийн сав, хайрцаг хийж сайжруулж чадна. Энэ нь хотынхоо төлөө хийж байгаа бидний хувь нэмэр гэж тэрээр хэлж байлаа.
Тэтгэвэрт гарсан хүн ажил хийхээ больсон гэсэн үг биш. Үе тэнгийнхнээ урамшуулж, тэтгэвэрт гарсан хүмүүс амьдарч буй орчноо сайжруулж чадахуйц хүний нөөц болох, дараагийн үед үлгэр жишээ үзүүлэхийг хүсдэг тухайгаа тэр ярьж байна. Түүний зорилго бол гэр хорооллын иргэдийн хандлага, зан үйлийг өөрчлөх явдал гэж онцлон хэлж байлаа. Тэрээр бүлгийн ахлагчаас гадна Ойчид дэвжих Оршин суугчдын зөвлөлийн тэргүүнээр ажилладаг.
Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).
