Сайн туршлага · 2024 оны туршлага

Хөршүүдтэйгээ эвсэж тулгамдсан асуудлаа хамтдаа шийдсэн туршлага

Н.Туяагийн хашаа болон гудамж нь төсөл хэрэгжихээс өмнө үргэлж үерийн усанд автдаг бөгөөд өвөл газар хөлдөх үед гэр байшин нь голоороо овойж хөлдөөд байшин нь цуурах, тавилга эвдрэх зэрэг асуудал гардаг байжээ. Иймд өвөл доороосоо даарах жиндэх, зун байнга усны гутал өмсөх хэрэг гардаг байсан байна. Мөн жил бүр цуурсан байшин, тавилгаа засаж сэлбэх хэрэг гардаг тул санхүүгийн асуудал тулгардаг.

Төслийн зүгээс тус гудамжаар үер болон хөрсний ус зайлуулах шугам хоолой хийснээр усны асуудал шийдэгдэж гудамж болон хашааны ус татран хатаж байшин гэрт гажилт үүсэхээ больсон. Төсөл хэрэгжин орчин нөхцөл сайжирч үер усны асуудал шийдэгдсэний дараа хашаагаа орхин нүүж явсан айлууд эргэн ирж хашаа газрын үнэ 5 саяас 100 сая төгрөг хүртэл өссөн тухай тэр онцоллоо. Тэр гэртээ өвчтэй нөхрөө асардаг ажилтай, гэрээс гардаггүй, хамт олонгүй, стресс бухимдалтай болсон байсан.

Төслөөс зохион байгуулагддаг сургалтуудад сууснаар бусдыг манлайлах, харилцааны ур чадвар, байгалийн гамшгийн үед өөрийгөө болон гэр бүл, эд хогшлоо хамгаалах талаар суралцсан. Улмаар бүлгийн ахлагч болж бусдад мэдээлэл түгээх, зохион байгуулах болсноор өөртөө итгэх итгэл маань нэмэгдэж, хөршүүд маань намайг хүндлэх болсон гэж тэрээр ярьж байлаа. Олон сайхан хүнтэй танилцаж баг болон ажиллаж хамт олонтой байхын сайхныг мэдэрч байна.

Мөн бүлгээрээ хамтран орчны хогоо цэвэрлэх, уулзаж асуудлаа ярилцах зэрэг давуу талууд ихээр нэмэгдсэн. Төслийн хүрээнд соруулдаг битүүмж сайтай тохилог жорлон барьж, хөгжлийн бэрхшээлтэй, асаргаанд байдаг иргэдэд зөөврийн жорлон олгосон нь иргэдэд тулгардаг нэн тэргүүний бэрхшээлүүдийг шийдвэрлэсэн гэж тэрээр талархалтайгаар ярьж байлаа.

Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).