Сайн туршлага · 2024 оны туршлага

Асуудлыг нэг айлын хэмжээнд бус бүлэг хамт олны хэмжээнд авч үздэг болсон

Д.Алтантуяа нь НҮБ-ын Хабитатын 2009-2013 онд хэрэгжүүлсэн “Оршин суугчдын оролцоотой Улаанбаатар хотын гэр хорооллын нөхцөлийг сайжруулах” төслийн хүрээнд СХД-ийн 30-р хороонд анх бүлэг байгуулан ажиллаж эхэлсэн байна. Бүлэг болж зохион байгуулалтад орохоос өмнө иргэд нийгмийн идэвх сул, мэдээлэлгүй, төрөөс бүгдийг хүлээдэг шүүмжилдэг, хамтарч ажиллаж сураагүй, удирдагчгүй, тархай бутархай байдаг.

Тэд бүлгийн зохион байгуулалтад орсноор хөршүүд бие биенээ мэддэг, бэрхшээл асуудлаа шийдэхээр хамтарч хэлэлцдэг, асуудлыг нэг айлын хэмжээнд бус бүлэг хамт олны хэмжээнд авч үздэг болсон, орон нутгийн засаг захиргаатай хамтарч ажиллах ёстойг ойлгосон зэргээр өөрчлөлтүүд гарч эхэлсэн тухай туршлагаа хуваалцаж байлаа.

Улмаар Шинэ зуун гэр хороолол ТББ-ыг байгуулан тэргүүнээр нь сонгогдож, төслийн хүрээнд баригдсан Олон нийтийн төвийг тодорхой хугацаанд хариуцан ажиллаж иргэдээ жижиг бизнес эрхлэх, уулзаж асуудлаа ярих боломжоор хангаж ажилласан байна. Төсөлтэй гэрээлэн жижиг төсөл хэрэгжүүлж хороондоо тоглоомын талбай, явган шат, гудамжны явган зам зэргийг иргэдийн оролцоотойгоор маш бага өртгөөр хийж болдгийг харуулсан. Мөн ковидын үед Дэлхийн зөн байгууллагаас хэрэгжүүлсэн “Хамтдаа даван туулья” төсөлд хамрагдаж, хамтран хэрэгжүүлсэн байна.

Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).