Сайн туршлага · 2024 оны туршлага

Бүлэг байгуулж ажилласнаар дараа дараагийн боломжууд гарч ирсэн

Тэрээр анх НҮБ-ын Хабитатын хэрэгжүүлж байгаа төслийн талаар мөн иргэдийн оролцооны аргачлалын талаар мэдээлэл, сургалт авснаар гудамжиндаа бүлэг байгуулахаар ажиллаж эхэлсэн байна. 2020 онд гудамжиндаа бүлэг байгуулсан цагаас эхлэн тэд бүлгээрээ нийлж олон ажлуудыг санаачлан гудамжаа тохижуулахаар ажиллажээ. Түүний нэрийг Я.Оюунцэцэг гэдэг. Төслийн хүрээнд бүлгээрээ жорлонгоо сайжруулахаар ажиллаж бараг бүлгийн бүх айл өрхүүдийг сайжруулсан эко жорлонтой болгосон.

Төслийн багийнхан НҮБ-ийн Аж үйлдвэрийн байгууллагаас хэрэгжүүлж байсан “Удаан задардаг органик бохирдлыг бууруулах” төсөлтэй холбож өгснөөр бүлгээрээ хогоо ангилан ялгадаг хогийн савтай болсон. Нэг нь санаачлаад, манлайлаад явахад дэмжээд хамтдаа явах хүмүүс гараад л ирдэг юм билээ гэж тэрээр ярьж байлаа. Бүлэг болж зохион байгуулалтад орсноор дараа дараагийн боломжууд гарч ирж байгааг тэрээр онцлон дурдаж байлаа.

Нэг нь санаачлаад, манлайлаад явахад дэмжээд хамтдаа явах хүмүүс гараад л ирдэг юм билээ

Я.Оюунцэцэг

Тэдний гудамж ус тогтдог, энхэл донхол ихтэй тул нэг, хоёр айл замаа сайжруулахаар хороо, дүүргээс шаардсан ч хэрэгждэггүй байсан бол бүлэг болж зохион байгуулагдаж дүүрэг хороондоо санал хүсэлтээ явуулснаар гудамжныхаа замыг засуулж чадсан байна. Бүлгийнхээ мод ургамал тарьдаг иргэдээр заалган модны үрсэлгээ хийж хашаагаа моджуулах, улмаар амьд ногоон хашаатай болохоор зорьж байгаа. Төслийн багаас бидэнд байнга сургалт, аргазүй, мэдээллээр хангаж биднийг идэвхжүүлж, зоригжуулж ажиллаж ирсэн.

Үүний үр дүнд бид эвлэлдэн нэгдэж эвсэг хамт олон болсноор хороо, дүүрэгтээ танигдаж дараа дараагийн төсөл хөтөлбөрт хамрагдах боломжууд гарч ирсэн гэж Оюунцэцэг бахархалтайгаар ярьж байлаа. Тухайлбал 2025 онд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас хэрэгжүүлсэн цэвэр бохир усны шугам болон халаалтанд холбож, жишиг айл өрх бий болгох төсөл юм. Энэхүү төсөлд хамрагдсанаар бүлгийн 10 айл өрх гэртээ халуун хүйтэн усны холболттой болж, дулааны асуудлаа шийдвэрлэсэн байна. Энэхүү төсөлд хамрагдах хамгийн эхний шалгуур нь гудамжиндаа эвлэлдэн нэгдэж бүлэг болсон явдал байсан гэж тэрээр онцолж байлаа.

Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).