Сайн туршлага · 2024 оны туршлага

Энгийн иргэнээс иргэний бүлгийн манлайлагч болсон нь

Семинарт оролцож туршлагаа хуваалцахаар ирсэн иргэдийн нэг нь 2020 онд байгуулагдсан Шархад оршин суугчдын зөвлөлийн гишүүн О.Энхцэцэг юм. О.Энхцэцэг нь 2020 оноос эхлэн хөрш иргэдээ манлайлан зохион байгуулан, бүлэг болж улмаар Шархад Оршин суугчдын зөвлөлийн гишүүн болж өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ бүх хугацаанд иргэд зохион байгуулалтад орж ажилласнаар олон давуу талууд бий болсон гэж тэр үздэг.

Бүлгүүд нийлж хогоо ангилан ялгадаг болсон, зуухнаас гарсан халуун үнс хийдэг төмөр савыг санаачлан бүлгийн гишүүн бүх айлууддаа санал болгосон, бүлгээрээ Улиастай голын эргийн дагуух хогийг түүж цэвэрлэдэг, үүгээрээ байгаль орчноо хамгаалах төдийгүй амьсгалж буй агаар, амьдарч буй газраа цэвэр, аюулгүй байлгахад хувь нэмрээ оруулж байна гэж тэр үздэг.

Мөн бүлгээрээ хамтдаа нарийн ногоо цэцэг ургамал тарьж борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлдэг гээд олон ажлуудыг санаачлан хийж хамтдаа байхын ач холбогдлыг ойлгосон тухайгаа ярьж байлаа.

Энхцэцэгийн бүлгийн гишүүд зохион байгуулалтад орж төсөлтэй хамтарч ажилласнаар төрөл бүрийн сургалтуудад хамрагдаж мэдлэг мэдээллээр хангагдаж чадавхажсан байна. Тэд орчин нөхцөлөө сайжруулахын тулд хийхээр зорьж буй ажлаа хамтдаа хэлэлцэн, зөвшилцөж төлөвлөж сурсан, хамт олонтой болсон, иргэдийн харилцаа хандлага нь өөрчлөгдөж илүү хамтач, нөхөрсөг болсон гэдгийг тэрээр онцолж байлаа.

Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).