Сайн туршлага · 2023 оны туршлага

Эмэгтэйчүүд бидний оролцоо маш чухал

Б.Ариунсайхан Баянзүрх дүүргийн 9-р хороонд байрлах цэцэрлэгт тогоочоор ажилладаг, 2-15 насны 5 хүүхдийн ээж. Тэрээр НҮБ-ын Хабитатын төслийн хүрээнд зохион байгуулагдсан олон сургалтуудад хамрагдсаны дүнд гамшгийн бэлэн байдлын сургагч багш болж төслийн Нийгмийн ажилтны туслалцаатайгаар нийт 64 хүнийг хамруулсан 2 удаагийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг бусад бүлгийн ахлагч нартайгаа хамтран зохион байгуулж хорооны иргэдээ сургажээ.

Ариунсайхан танилцуулгадаа “Сургагч багш, бүлгийн ахлагч болсноор миний харилцааны ур чадвар мэдэгдэхүйц сайжирсан. Хүүхдээ өсгөж байх хугацаанд урьд нь би бусадтай нээлттэй харилцах боломж бараг байгаагүй бөгөөд хүмүүс ч намайг таньдаггүй байсан. Энэхүү төсөлтэй холбогдож өөрийн бүлгээ байгуулснаар бусадтай санал бодлоо, мэдрэмжээ чөлөөтэй хуваалцах итгэлтэй болсон. Түүнчлэн бүлгийн бусад гишүүдээсээ суралцаж, найз нөхөд, танилын хүрээ минь өргөжиж, өөртөө итгэх итгэл минь сайжирсан.

Сургагч багш, бүлгийн ахлагч болсноор миний харилцааны ур чадвар мэдэгдэхүйц сайжирсан.

Б.Ариунсайхан

Өмнө нь хийх боломжгүй, амжихгүй мэт санагдаж байсан ажлуудыг эхлүүлж амьдрал минь ч сайжирсан. Эдгээр ур чадварууд надад өөрийн хүүхдүүдэд илүү сайн үлгэр дуурайл үзүүлэхэд тусалсанд би маш их баяртай байдаг. Ээж байна гэдэг аз жаргал, бас эх хүн бүрийн туулдаг сорилт бэрхшээлүүдийг дагуулдгаараа надад хамгийн үнэ цэнтэй.” гэж онцолжээ.

Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).