Сайн туршлага · 2023 оны туршлага
Хамтаараа хашаа, гудамжаа цэцэрлэгжүүлж буй туршлага
Сүхбаатар дүүргийн 13-р хорооны иргэн Д.Рэнцэнханд төслийн хүрээнд хийгдсэн жорлонг душь болгон ашиглаж хашаагаа тохижуулсан тухай туршлага сургамжаа хуваалцлаа. Усны нөөцийн саваа грашийн дээвэр дээрээ байрлуулж душьныхаа усыг нь нараар халаадаг болсон. Алийн болгон орон сууц мөрөөдөж явах вэ? гэж тэр ярьж байлаа. Тэдний хүүхдүүд ихэнх нь хөвгүүд тул гадаа тоглоод хувцас хунар, бүх бие нь бөөн шороо болоод орж ирдэг. Ядаж зуны улиралд хүүхдүүдээ хашаандаа усанд ордог болгосон.
Машины зогсоолоо ашиглан сагсны талбай, грашийн ханаа ашиглан сагсны шийд байрлуулж хүүхдүүддээ тоглох орчин бий болгосон байна. Цэцэг тарьж бага ч гэсэн өрхийн орлогодоо нэмэр болдог. Нөхөр маань дэмжиж хашааны тохижилтуудыг хийж өгсөн гэж тэрээр бахархалтайгаар ярьж байлаа. Цэцэг ургамал тарихад сэтгэл сэргэж, хашаа өнгө ордог. Цэцэг тарьж ургуулахад хүүхдүүд ч амьд цэцэг ургамлыг хайрлаж, байгаль орчноо хамгаалж сурдаг тухай тэр онцоллоо. Дээврийн усаа цуглуулж цэцэг модоо усалдаг.
Алийн болгон орон сууц мөрөөдөж явах вэ?
Д.Рэнцэнханд
Хашааныхаа газрыг ашиглаж чадвал маш их нөөц байдаг. Төслийн хүрээнд бүлгийн гишүүн болсноор өөрийн туршлагаа хөршүүддээ хуваалцаж, заримыг нь сургаж эргэн тойрноо цэвэр цэгцтэй, ногоон орчин болгохоор ажиллаж байна. Манай бүлгийн гишүүд нийлж гудамжиндаа цэцэг тарьж гудамжиндаа өнгө нэмсэн. Гэр хороолол гэхээр л өнгөгүй, шороо тоос болсон байх ёсгүй гэж тэрээр ярьж байлаа.
Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).
