Сайн туршлага · 2023 оны туршлага

Тулгарч байсан бэрхшээл, түүнийг даван туулсан туршлага

Х.Батбаяр нь Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны иргэн бөгөөд Хамтын холбоо бүлгийн ахлагчаар ажилладаг. Тэрээр НҮБ-ын Хабитат байгууллагын төслийн ажилтнуудаас төслийн мэдээллийг анх аваад гудамжиндаа бүлэг байгуулахаар шийджээ. Бүлэг байгуулахаар иргэдтэй анх уулзахад хүмүүсийн идэвх оролцоо сул, бусдыгаа уруу татах байдал их, төслийн талаар сөрөг бодолтой, сөрөг цуурхал тараадаг, сургалт уулзалтаас зугтах хандлагатай, сургалт уулзалтанд хүүхэд, өндөр настнаа явуулдаг гэх мэт бэрхшээлүүдтэй тулгарсан байна.

Тэд бүлэг болж зохион байгуулалтад орсноор өөрсдөө үлгэрлэн оролцдог болсон, ойр амьдардаг идэвхтэй хөршөөр нь дамжуулж бусдыг нь идэвхжүүлдэг, ойр ойрхон уулздаг болсон, бие биедээ ус авах, хүнд юм өргөөд явж байх үед нь тусалдаг болсон, цаг үеийн сонин сайхнаас хуваалцаж хууч хөөрдөг болсон, хог ачих үед айл хөршийнхөө хогийг ачилцаж өгдөг болсон зэргээр эерэг хандлагатай болцгоосон байна. Ялангуяа хог ачих нь ойр орчны иргэд цугларч ярилцах, санал бодлоо солилцох шалтгаан болсон байна.

Төслийн хүрээнд айл өрхийн жорлон сайжруулах ажил эхлэх үед айл бүхэн жорлонгоо солиулах хүсэлтэй ч нүх ухах газраа бэлдээгүй, жорлон хийлгэхийн тулд хэл ам хийж байсан. Жорлонгийн кольцо суулгах үед айлуудад том хүнгүй байх, ухсан нүхээ хамгаалахгүй, аюулгүй байдлаа хангахгүй байх, хийгдсэн жорлонгийн арчилгааг хийхгүй байх зэрэг бэрхшээлүүд гарч байсан байна. Батбаяр иргэдтэйгээ тулж ажиллан, удаа дараагийн сургалт мэдээлэлд хамруулснаар тэдний хандлага өөрчлөгдсөн тухай туршлагаа хуваалцаж байлаа.

Энэхүү өөрчлөлтийг хийхдээ жорлон хийх өрхийг бүлгийн бүх гишүүд ярилцаж сонгож байсан, иргэдийн бүлэг өөрсдөө иргэдээс ирсэн саналыг тусган жорлонгоо сайжруулж айл бүрийн онцлог хэрэгцээг харгалзан үзэхийг хичээн ажилласан. Оршин суугчдын зөвлөлийн дарга нь хариуцан жорлонгийн нүх ухах, кольцо тавих, кабин угсрах зэрэг ажлуудыг хамтран аюулгүй, шуурхай, чанартай хийж байсан зэргээр иргэдтэйгээ ойр хамтарч ажилласны үр дүн гэж тэрээр туршлагаа хуваалцлаа. Гудамжаараа нэг эгнээнд ижил цэвэрхэн жорлонтой болсон нь гудамжны өнгө үзэмжинд эерэг нөлөө болж харагдах байдал нь дээшилсэн байна.

Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).