Сайн туршлага · 2025 оны туршлага
Хөршүүдтэйгээ хамт орчноо өөрчилсөн түүх
Миний нэрийг Дэлгэрцэцэг гэдэг. Би СБД 20 дугаар хороонд нөхөр 2 хүүхдийн хамт 2012 оноос хойш амьдарч байна. Манай хадам аав ээж 2 энд 20 гаруй жил бас амьдарч байгаа. Би нөхөртэйгөө хоёулаа барилгын заслын ажил хийдэг. Энд удаан амьдарсан хүний хувьд хашаагаа тохижуулж хүүхдүүддээ сайхан орчин бүрдүүлж өгөх гэж чадлаараа л хичээдэг юм. Гэхдээ мэдээж саад бэрхшээл их байдаг.
Зун бороо их орсон үед манай хашаа, хажуу айлууд руу булгийн усны түвшин нэмэгдэж хальж хашаа жорлон усанд автах, усаар хог хөвж орж ирэх гэх мэт асуудлууд бас гардаг. Мод тарих гэж бас оролддог ч олигтой ургаж өгдөггүй мал идэх, эсвэл усанд урсаад явчихдаг байлаа. Ингэж байтал 2023 онд НҮБ-Хабитатын төслийн ажилтнууд манай ойролцоо гадаа хөршүүдийг бас дуудаж төслийн талаар мэдээлэл өгсөн. Энэ мэдээллээс бүлэг байгуулж хөршүүдээрээ нийлж орчноо сайжруулж болно гэхэд надад маш сайхан санагдсан.
Бүлэг болоогүй бол энэ шон хэвээрээ л байсаар байх байсан.
Дэлгэрцэцэг
Ганцаараа биш олуулаа хамт амьдарч байгаа орчноо тохижуулна гэхээр нь баярлаад л шууд бүлэг байгуулъя гэж шийдсэн. Тэгээд ч хадам аав ээж маань энэ хавьдаа олон жил амьдарсан хөршүүд дундаа нэр хүндтэй. Намайг айлуудаар яваад бүлэг болцгооё гэхэд бүгд дэмжиж нэгдэцгээсэн. Ингээд төслийн багтай хамтраад бид санал хүсэлтээ хэлж, зөвлөлдөж ярилцаад маш олон ажлууд хийсэн. Үүнээс хамгийн том ажил нь Гүнжийн булгийн орчимд үерээс хамгаалах далан барьж өгсөн нь юм.
Ингэснээр зундаа хашаа руу ус хальж орж ирэх, өвөлдөө халиа тошин үүсэх асуудалгүй болж хашаа гудамж маань цэвэрхэн тухтай болж ирсэн. Мөн төслийн багийн зохион байгуулсан “Бэлэн бай” сургалтад сууснаар би эрсдэл үүсэхээс өмнө бэлтгэлтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь хохирлыг эрс багасгадаг юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. Тиймээс далан баригдсаны дараа хөршүүдээ уриалан далангийн орчимд мод тарих ажилд идэвхтэй оролцсон.
Олуулаа хүч нэгдээд мод тарьж, усалж, арчилж байгааг харахад үнэхээр сайхан санагдсан. Бас жижиг сувгийн ажлыг хийсэн. Бүлгийн ахлагч болсноор би өөртөө итгэлтэй болсон бас айл хөршүүдтэйгээ байнгын холбоо харилцаатай болсон. Би хүмүүстэй харилцах, ярилцах, олон дундаа байх дуртай болохоор маш сайхан байгаа. Бүлэг болсны дараа манай хөршүүд нийлж унах шахсан цахилгааны шонг холбогдох төрийн байгууллагад хэлж засуулъя гэдэг санал гарган нийлж өргөдөл бичиж засуулахаар болсон.
Бүлэг болоогүй бол энэ шон хэвээрээ л байсаар байх байсан. Олон жил тийм л байсан. Би одоо илүү их нээлттэй болж, бас урам зоригтой болсон байна. Цаашид интерьер дизайны чиглэлээр суралцаж, өөрийгөө хөгжүүлэх бодол ч төрсөн. Эцэст нь хэлэхэд ийм сайхан төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа НҮБ-Хабитатдаа баярлалаа гэж хэлмээр байна.
Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).
