Сайн туршлага · 2025 оны туршлага
Гудамж замаа сайжруулсан нь
Би Сүхбаатар дүүргийн 16-р хорооны 8-р гудамжинд нүүж ирээд 5 жил орчим амьдарч байгаа хэмээн өөрийгөө танилцуулж байгаа залуу бүсгүйг Х.Азжаргал гэдэг. Тэрээр НҮБ-ын Хабитатын иргэдийн оролцооны аргачлалын дагуу гудамжаараа бүлгийн зохион байгуулалтад орж “ЭКО 78” нэртэй бүлэг байгуулагдахад хамгийн түрүүнд бүлгийн гишүүнээр оржээ. Тэрээр өмнө нь хөршүүдээ таньдаггүй, ярилцах байтугай мэндэлж ч үзээгүй байсан.
Харин бүлгийн гишүүн болсноор хөршүүдтэйгээ танилцаж, хашаа, гудамжаа тохилог сайхан болгох талаар ярилцаж эхэлсэн байна. Үүний үр дүнд өөрсдийн амьдарч байгаа орчноо сайхан тохитой, тухтай байлгахын тулд бид өөрсдөө оролцох ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан хүмүүсийн нэг. Азжаргал бүлэг болсондоо их сэтгэл хангалуун байдаг бөгөөд бусад иргэддээ санаа өгөх үүднээс өөрийн бүлгийн талаар ярьж бичих дуртай.
Манай гудамжныхан замаа сайжруулах талаар ярилгүй 1 сар ч болж үзээгүй.
Х.Азжаргал
Азаагийн бүлгийн гишүүд маш идэвхтэй тул олон ажил санаачлан хийж, санаа оноогоо ярилцаж, бие биенээ дэмждэг болсон. Тэр гудамжныхаа замыг хэрхэн засуулж сайжруулсан түүхээ бусдадаа хуваалцах дуртай.
Азжаргал хэлэхдээ: манай гудамжинд ус тогтдог, муу замтай байсан. Бид 2021 оноос эхлэн ганц нэгээрээ биш, бүлгээрээ санал, гомдлоо хороо, дүүрэг, нийслэл гээд л бүх түвшний хүмүүст боломж олдвол л хэлж ярих болсон. Манай гудамжныхан замаа сайжруулах талаар ярилгүй 1 сар ч болж үзээгүй. Бид уйгагүй 2-3 жил ярьж хэлж байж хороо, дүүрэг, нийслэл гээд хүрэх ёстой газарт нь хүргэж, хүмүүсийн анхаарлыг татаж чадсан. Тэгээд 2024 оны 6-р сард нийслэлээс манай гудамжийг засаж сайжруулахаар болсон.
Зам засах үеэр манай бүлгийн гишүүд өөрсдөө хяналт тавьж, санаа оноогоо тухай бүрд нь хэлж замаа санаснаараа янзлуулж чадсан. Зөвхөн замаар тогтохгүй бүлгээрээ нийлээд гудамжиндаа болон хашаандаа мод тарьж байгаа. Цаашдаа хашаануудаа амьд модон хашаа болгохыг зорьж байгаа. Хийх ажил зөндөө байна. Бидний энэ гудамжаа сайжруулахаар нэгдэж ажиллаж байгаа нь НҮБ-ын Хабитатийн төслийн ажилтнууд биднийг анх зохион байгуулалтад ороход чиглүүлж, дэмжиж ажилласны үр дүн гэж боддог, баярлалаа гэж үргэлж хэлмээр байдаг шүү.
Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).
