Сайн туршлага · 2025 оны туршлага
Эвтэй, хөдөлмөрч, мэдлэгтэй, манлайлагч байвал бид хүчтэй, үр хүүхдэдээ илүү сайхан ирээдүйг авчирч чадна гэж боддог
Миний нэрийг Б.Отгондалай гэдэг. Би БЗД-ийн 9-р хороонд амьдардаг. Би хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжиж ирээд 5 орчим жил болж байгаа бөгөөд одоогоор бага насны хүүхдээ харж гэртээ суунгаа өөрийнхөө амьдарч байгаа орчин нөхцөлөө сайжруулж, сайхан болгож хөгжүүлэх чин хүсэлтэй ЭЭЖ, мөн бүлгийн ахлагч хүн байна.
Би НҮБ-Хабитатын хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй танилцаж, төслийн хүрээнд иргэдийг зохион байгуулалтад оруулж, орчин нөхцөлөө сайжруулах боломжтойг сонсож, төслийн багийнхны тусламжтайгаар өөрийн хөршүүдээ нэгтгэн бүлэг байгуулж өөрөө бүлгийн ахлагчаар ажиллаж байна. Манай бүлгийн нэр “Эвсэг” бөгөөд 15 хашааны 15 өрхөөс бүрддэг. Бүлэгт маань над шиг бага насны хүүхдүүдээ асран гэртээ байдаг эхчүүд цөөнгүй байдаг.
Бид төслийн багаас зохион байгуулдаг хувь хүний хөгжил, харилцаа, хандлага, манлайлал, хөдөлмөр аюулгүй байдлын тухай, үер усны аюулын үед ямар арга хэмжээ авч өөрийгөө болон хөршөө хэрхэн хамгаалах тухай болон хог хаягдлыг хэрхэн ангилан ялгах зэрэг олон сургалтуудад бүлгийнхээ гишүүдийг ээлжлэн хамруулж олон зүйл сурсан.
Мөн НҮБ-Хабитат байгууллагаас НҮБ-ийн Аж үйлдвэрийн байгууллагаас хэрэгжүүлсэн “Удаан задардаг органик бохирдлыг бууруулах” төсөлтэй холбож өгснөөр биднийг дэмжиж хог ангилан ялгах савыг хашаа бүрд суулгаж өгсөн. Тиймээс бид бүгд бүлгээрээ хог хаягдлаа тогтмол ангилан ялгадаг төдийгүй хүнсний хог хаягдлаараа бордоо хийх аргад хүртэл суралцаж байгаа. Түүнчлэн бид нэг нэгнийхээ хийж байгаа ажлыг дэмжиж бусад бүлгүүддээ сурталчилдаг. Улиастай голын ойр орчмын бүлгийн гишүүд хамтран 14 хоногтоо нэг удаа орчноо цэвэрлэдэг гээд олон сайн ажлын эхлэлийг тавьж байна.
Мөн бид ковид цар тахлын үед нийлээд хэцүү байгаа өрхүүдэд тусламж хүргэх, төслөөс хийж өгсөн далан сувагт хог, үнс хаяхгүй байлгах үүднээс ойр орчныхондоо шаардлага тавьдаг, хороо, дүүрэгт хийсэн ажлуудаа уламжлах зэрэг олон чадваруудад суралцсан.
Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).
