Сайн туршлага · 2025 оны туршлага

Нэг зорилгын төлөө ажилладаг, гар нийлсэн сайхан баг бүрдүүлэн ажиллаж байгаадаа баяртай байдаг

Намайг Г.Булган гэдэг. 2019 онд НҮБ-Хабитатын “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл” манай хороонд хэрэгжиж эхлэхэд би анхнаасаа их сонирхож, идэвхтэй оролцсон. Төслийн багтай танилцаж, хөршүүдтэйгээ нэгдэн бүлэг байгуулж, бүлгийн ахлагчаар ажиллаж, улмаар Ойчид дэвжих оршин суугчдын зөвлөлийн гишүүн болсон минь хувь хүний хөгжлийнхөө төлөө хийсэн нэгэн том алхам байлаа. Одоо Ойчид дэвжих Оршин суугчдын зөвлөлийн Гүйцэтгэх захирлаар сонгогдон ажиллаж байна.

Дархны ажлаа хийхийн зэрэгцээ төслийн хүрээнд хийгдэж байсан ариун цэврийн байгууламжийн бүхээг, бетонон кольцог суурилуулах ажилд оролцож эхэлсэн. Удалгүй би баг бүрдүүлж төслийн баг надад айл өрхийн жорлонгийн бүхээг хийх ажлыг хариуцуулсан нь миний хувьд ихээхэн итгэл, урам өгсөн үйл явдал байв. Өнөөдрийн байдлаар манай оршин суугчдын зөвлөлийн хамт олон хорооныхоо айл өрхүүдийн жорлонгийн бүхээгийг хийж, хашаанд нь суурилуулах ажлыг хийсээр байна.

Надад энэ ажил зүгээр нэг мужааны ажил биш.

Г.Булган

Ингэж нэг зорилгын төлөө ажилладаг, гар нийлсэн сайхан баг болон төлөвшсөндөө би баяртай байдаг. Өөрийн дуртай ажлаа хийж, түүн дээрээ улам хөгжиж, хорооныхоо олон айлын эрүүл ахуй, амьдрах орчныг сайжруулж байгаа гэдэг бодол надад хамгийн том урам болдог. Надад энэ ажил зүгээр нэг мужааны ажил биш. Бүтээлч байдал, шийдэл гаргалт шаарддаг үнэхээр сайхан ажил.

Айл бүрд тохирохоор дизайн өөрчлөх, дээврийг олон янзаар туршиж үзэх, агааржуулалтыг томруулах, цонхны хэмжээ, байрлалыг шинэчилж үзэх, хэрэглэж буй материалын сонголтыг сайжруулах гээд алхам бүрд нь би өөрийгөө хөгжүүлж байдаг. Мэдээж хүнтэй ажиллахад янз бүрийн зүйл тохиолддог. Зарим айлд харилцааны хүндрэл гарна, заримтай нь ойлголцох гэж хичээнэ. Гэхдээ энэ бүхнийг даван туулж ирсэн учраас л би өнөөдөр хороондоо басхүү танигдаж, хүмүүсийн итгэл найдварыг хүлээдэг болжээ. Энэ итгэл бол надад өгсөн хамгийн том шагнал гэж боддог.

Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).