Сайн туршлага · 2025 оны туршлага

Олуулаа нэгдэж ажилладаг болсноор асуудлаа ярьж, шийдэл хайж сурсан

Миний нэрийг Соёлцэцэг гэдэг. Би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд амьдардаг, тэтгэвэртээ суусан жирийн нэг иргэн. Анх 2019 онд НҮБ-Хабитатын төслийн баг манай хороонд ирж, хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулж байсан нь өнөө ч санаанд тодхон. Тэр үед “Манайд яг хэрэгтэй, сайхан төсөл байна даа” гэж дотроо бодоод үнэхээр их баярлаж байсан юм.

Төслийн багийнхан түүнээс хойш манай гудамжинд ойр ойрхон ирж, нэг удаа задгай талбайд уулзалт зохион байгууллаа. Тэр үеэр “Иргэд өөрсдөө зохион байгуулалттай, хамтдаа хөдөлбөл орчноо сайжруулах боломжтой” гэж хэлсэн нь миний сэтгэлд их хүчтэй хүрсэн. Тэгээд хөршүүдтэйгээ ярилцаад “Бүтээлч иргэд” нэртэй бүлэг байгуулж, хашаа гудамжаа хамтдаа тохижуулъя гэж зориг шулуудсан. Удалгүй төслийн дэмжлэгээр манай бүлгийн хоёр өрх хашаан дахь жорлонгоо сайжруулж тохижуулсан.

Гэртээ сууж байдаг хөгшид, хүүхдээ хараад завгүй суудаг ээжүүд хүртэл нийгэмдээ идэвхтэй оролцож болдог юм байна гэдгийг энэхүү төсөл бидэнд ойлгуулсан.

Соёлцэцэг

Нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, нөгөө нь насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй айлууд байсан. Жорлонгоо зассанаар манай гудамжны муухай үнэр багасч, өнгө үзэмж нь ч мэдэгдэхүйц сайжирч билээ. Мөн Ногоон Ази сүлжээ ТББ-аас зохион байгуулсан мод тарих сургалтад манай бүлгийнхэн хамтдаа сууж, мод ургуулах зөв аргыг гардан сурсан. Тэр ТББ-аас өгсөн үрсэлгээний тусламжтай бид бүгд хашаандаа мод тарьж эхэлсэн. Одоо бодоход бид нийтдээ арван мянга орчим мод тарьжээ. Хашаандаа 100 гаруй модтой айл хүртэл бий болсон гэж бодохоор бахархмаар.

Олуулаа нэгдэж ажилладаг болсноор асуудлаа ярьж, шийдэл хайж сурсан төдийгүй хорооны ажилтнууд биднийг таньдаг болж, бусад байгууллагын төсөл хөтөлбөрт хамрагдахад тусалдаг болсон. Зарим хүмүүс надад хүрч ирээд өөрийн асуудлаа хэлдэг болсон нь намайг хөршүүддээ хэрэгтэй, итгэгдсэн хүн болгосон шиг санагддаг. Жишээ нь: саяхан хөдөө нутгаас нүүж ирсэн нэг айл бичиг баримтгүй хүүхдээ цэцэрлэгт өгөх боломжгүй байсан тул би хороондоо уламжилж, Тайваны хүүхдийг ивээх сантай холбон шийдэж өгсөн.

Тэр үед “Тэтгэвэртээ суусан жирийн хөгшин хүн” гэж өөрийгөө боддог байсан би гудамжиндаа, хороондоо чухал үүрэгтэй хүн болсныг мэдэрсэн. Манай бүлгийн идэвхтэй оролцооны ачаар хотын дарга Нямбаатар иргэдтэй уулзах үеэр бидний танилцуулсан санаачилгыг дэмжиж, улмаар манай бүлгийн өрхүүдэд мод үрслүүлж тарих зориулалттай 4 айлын газартай тэнцэх хэмжээний талбайг 2026 оны төлөвлөгөөнд багтаан олгохоор амлалт өгсөн. Мөн бидний таван айл газраа өмчилж чадахгүй явсан бол асуудлаа зөв замаар шийдүүлж сурсан учраас бүгд газраа өмчилж авч чадсан.

Гэртээ сууж байдаг хөгшид, хүүхдээ хараад завгүй суудаг ээжүүд хүртэл нийгэмдээ идэвхтэй оролцож болдог юм байна гэдгийг энэхүү төсөл бидэнд ойлгуулсан. Би ч өөрөө их урам авч, хөршүүдтэйгээ илүү ойр болсон. Энэ бүгдийг харахад НҮБ-Хабитатын төслийг хэрэгжүүлсэн хүмүүст гүн талархал илэрхийлмээр санагддаг. Манай гудамж, манай хороо, манай амьдралд ийм олон сайхан өөрчлөлт авчирсан болохоор бидний хувьд үнэхээр үнэ цэнтэй төсөл байлаа.

Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).