Сайн туршлага · 2023 оны туршлага
Хөрсний усны асуудлаа шийдвэрлэсэн нь
Б.Бат-Эрдэнэ Сүхбаатар дүүргийн 13-р хороонд амьдардаг. Сүүлийн жилүүдэд хур бороо элбэгшсэнээс газар доороос гэнэт булаг ундарч гарч ирэх болсноор хашаа, гудамж нь байнга усанд автдаг болжээ. Үүнийг яаж шийдэхээ мэдэхгүй хөршүүдийн хамт намаг, шалбаагтай нөхцөлд, байнгын их устай байдгаас бага зэргийн бороонд хальдаг жорлонгийн асуудалтай, хороо, дүүргээс асуудлыг нь шийдэж өгөхийг байнга шаардаж амьдарч байлаа.
Гэтэл нэг өдөр НҮБ-ын Хабитатын “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг тэсвэрлэх чадавхыг сайжруулах” төслийн баг иргэдийг гудамжинд цуглуулан оршин суугч иргэд өөрсдөө зохион байгуулалтад орж хүчээ нэгтгэн асуудлаа өөрсдөө шийдвэрлэх боломжийн талаар мэдээлэл хүргэжээ. Хүүхдийн тоглоом зохион бүтээгч байсан Бат-Эрдэнэд энэ мэдээлэл их сонирхолтой санагдаж, боломжийг ашиглан хөршүүдтэйгээ нийлж гудамж, хашааны усны асуудлыг шийдвэрлэхээр шийджээ.
Энэ шийдэл их энгийн хэдий ч гайхмаар үр дүн гарсан.
Б.Бат-Эрдэнэ
Хөршүүдээ цуглуулан “Сайн санаа” нэртэй бүлэг байгуулж удалгүй төслийн багийн нийгмийн ажилтнуудын зааварчилгааны дагуу бүгдээрээ суун хэлэлцэж тулгамдсан асуудал, бэрхшээлээ тодорхойлж хэрхэн өөрсдийн хүчээр асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө гаргажээ. Төслийн зүгээс дэмжиж өөрсдөө санаа нийлэн ажилласны үр дүнд ус зайлуулах суваг татаж хашаа гудамжныхаа тогтоол ус, ундарч гараад байгаа хөрсний усны асуудлыг шийдвэрлэж чадсан юм.
Бүлгийн гишүүд хамтдаа гар бие оролцсон учраас зарим бүлгийн гишүүдийн хашаагаар суваг дайрч өнгөрөхөд нийтийн эрх ашгийн төлөө хашаагаа буулгаж, зай талбай гаргаж өгөх байдлаар дэм болж ажлаа хийж дуусгасан. “Энэ шийдэл их энгийн хэдий ч гайхмаар үр дүн гарсан. Манай хашаа, хөршүүдийн хашаа бас гудамж хуурай болчихсон. Хүүхдүүд ч хашаандаа тухтай аюулгүй тоглох боломж бүрдсэн. Үүндээ урамшин манай бүлгийнхэн орчноо сайжруулах маш олон санал санаачилга гаргасан.
Үүнд хүүхдийн тоглоомын талбай байгуулах, айлууд дундаа машины зогсоол хийх, мод тарих, худагтай болох гэх мэт. Энэ санаануудаа төсөл болгож хороо, болон бусад байгууллагуудын төсөлд танилцуулах болсон юм. Төслийн багийнхны найрсаг харилцаа, ойр ойрхон ирж уулзаж биднийг сонсдог нь манай бүлгийнхэнд их сайхан байдаг. Ингээд төслийн дэмжлэгээр сайхан хуурай орчинд тухтай амьдрах болсондоо бид бүгд баяртай байгаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсье” гэж Бат-Эрдэнэ танилцуулгаа өндөрлөлөө.
Эх сурвалж: «Иргэдийн оролцооны аргачлалд суралцан амьдрах орчин, ахуй нөхцөлөө сайжруулж буй иргэдийн түүх, туршлагууд», НҮБ-ын Суурьшлын хөтөлбөр, 2025 — эмхэтгэлийг татах (PDF, 930.8 KB).
