Иргэдийн оролцоотой гэр хорооллын нөхцөл сайжруулах төсөл

Иргэдийн оролцоотой гэр хорооллын нөхцөл сайжруулах төсөл

Япон улсын Засгийн газраас санхүүжүүлсэн энэхүү төсөл нь гэр хорооллын нөхцөлийг оршин суугчид төрийн байгууллагатай хамтран төлөвлөж, удирдаж болдгийг харуулсан юм. Төслийн үр дүнд 5 Хорооны Оршин Суугчдын Зөвлөл(ОСЗ), 47 Хэсгийн ОСЗ, 15 олон нийтийн төвүүд, мөн худаг, гүүр, гудамжны гэрэлтүүлэг, явган зам, шат, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт 100 гаруй жижиг төслүүдийг хэрэгжүүлсэн. Түүнчлэн нийгмийн капиталыг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор 65 хадгаламж зээлийн бүлгийг байгуулжээ. Олон нийтийн төвүүдэд төрийн үйлчилгээний цэгүүд, түрээсийн байртай халуун усны газар, ахмадын төв, цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж, спорт танхим зэрэг багтана. Төслийн үр дүнд сургуулийн өмнөх насны хүүхэд цагаа өнгөрүүлэх илүү сайн орчинтой  болсон. Гудамжны гэрэлтүүлэгтэй болсноор эмэгтэйчүүд, охид, хүүхдүүдийн аюулгүй байдал дээшилсэн. Ялангуяа өвлийн улиралд илүү үр дүнтэй байсан. Ундны усны хүртээмж нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн ачааллыг бууруулж, ОСЗ-ийн гишүүд орон нутгийн жижиг дэд бүтэц, олон нийтийн төвүүдийг барьж байгуулах ажилд оролцох замаар анхан шатны ур чадвар эзэмшиж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байлаа.  Түүнчлэн цэцэрлэгийн ажилтнууд болон бусад  ажлын байр бий болгох зэргээр тэдний амьдралд нөлөөлсөн. Иргэдийн оролцоотой гэр хорооллыг сайжруулах аргачлал (НҮБ-Хабитатын “Иргэдийн үйл ажиллагаа”аргачлал) нь тухайн орны нөхцөл байдалд зохицож үр дүнтэй болох нь батлагдсан. Төслөөр байгуулагдсан Оршин Суугчдын Зөвлөлүүдийн зохион байгуулалт улам сайжирч, төсөл, санхүүгийн удирдлагын ур чадвараа эрс сайжруулж, төрийн байгууллага болон бусад хандивлагчидтай бие даан холбоо тогтоох чадавхтай болсон бөгөөд одоо өөрсдийн хөгжилд манлайлан оролцож байна. Энэхүү төслийн хүрээнд НҮБ-Хабитат нь төслийн 2 талбарт Иргэдийн оролцооны аргачлалаар газрыг дахин төлөвлөх туршилтын загвар төслийг хэрэгжүүлсэн бөгөөд уг үйл явц нь үр дүнтэй болохыг харуулж чадсан.

Төсөл Хөтөлбөр
Mongolian Flag Монгол
English Flag English