“Шинэ хотын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тогтвортой хот байгуулалтыг дэмжих нь” өглөөний уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Дасан зохицох сангийн санхүүжилтээр UN-HABITAT in Mongolia НҮБ-ын Хүн Амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөр болон Development Solutions NGO – Хөгжлийн Шийдэл ТББ хэрэгжүүлж буй “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Шинэ хотын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тогтвортой хот байгуулалтыг дэмжих нь” сэдэвт өглөөний уулзалт 2025 оны 12 сарын 11-ний өдөр амжилттай болж өнгөрлөө.
Энэхүү уулзалтад НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яап Ваан Хирден, НҮБ-ын Суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн Суурьшлын зохицуулагч Рой Чити нар хүрэлцэн ирж нээлтийн үг хэлэв. Мөн Хот байгуулалт, барилга, орон сууцны яам, Улаанбаатар хотын захиргаа, Дархан, Эрдэнэт, Чингис, Сүхбаатар, Булган, Цэцэрлэг, Зуунмод, Хүннү, Хар Хорум зэрэг хотуудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд болон бусад салбарын төлөөллүүдээс бүрдсэн 45 орчим оролцогч уулзалтад оролцлоо.
Өглөөний уулзалтын үеэр хотын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, төлөвлөлтийг хот суурингийн түвшинд уялдуулахад чиглэсэн чухал сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, туршлага солилцлоо. НҮБ-ын Суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн Суурьшлын зохицуулагч Рой Чити НҮБ-ын Суурьшлын хөтөлбөрийн дэлхийн хэмжээнд, бүс нутгийн болон Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, мөн Дэлхийн хот байгуулалтын 13-р чуулганы зорилго, санаачилгуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Мөн төслийн хамтран ажиллагч судалгааны багийн ахлагч Доктор М.Алтанбагана НҮБ Хабитат III хурлаар баталсан Шинэ хотын хөтөлбөр (New Urban Agenda)-ийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын тайлангийн бэлтгэлийн явцыг танилцууллаа. Тэрбээр энэхүү тайлан нь 47 зүйл бүхий үнэлгээнд суурилж хийгддэг бөгөөд Монгол Улс уг тайланг 2025 ондоо багтаан НҮБ-д хүргүүлэх шаардлагатайг онцолсон юм.
Түүнчлэн Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө 3 (NAP), Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3 (NDC 3.0) зэрэг бодлогын баримт бичгүүдийн агуулга, эдгээрийг хот суурингийн бодлого, төлөвлөлтөд хэрхэн тусгах, дасан зохицох арга хэмжээг хотын хөгжлийн баримт бичгүүдэд яаж уялдуулах талаар “Уур Амьсгалын өөрчлөлт – хөгжил” академийн тэргүүн Доктор Д.Дагвадорж танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлгийн үеэр судлаачид болон мэргэжилтнүүд дээрх бодлогын баримт бичгүүдийн тайлан, үнэлгээг чанартай боловсруулахад нийслэлээс гадна орон нутгийн хот, тосгодын бодит дата мэдээлэл нэн чухал болохыг онцолсон юм. Харин уулзалтад оролцсон хотуудын төлөөллүүд одоогоор хот төлөвлөлтийн болон хөгжлийн баримт бичгүүдээ шинээр боловсруулах, шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд энэхүү уулзалтаас олж авсан мэдлэг, мэдээлэл нь тэдний ажилд бодит дэмжлэг болж байгааг илэрхийллээ. Мөн цаашид НҮБ-ын Суурьшлын хөтөлбөрөөс арга зүйн дэмжлэг авах сонирхлоо илэрхийлж байсан юм.
Арга хэмжээний дараа НҮБ-ын Суурьшлын хөтөлбөрийн зүгээс оролцогчдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих зорилгоор мэдээлэл солилцох, туршлага хуваалцах хамтарсан групп байгуулах, мөн 2026 онд Азербайжаны Баку хотод зохион байгуулагдах Дэлхийн хотын форум (World Urban Forum)-д Монгол Улсаас хотуудын өргөн бүрэлдэхүүнтэйгээр хамтран оролцох санаачилгыг дэвшүүллээ.
Энэхүү өглөөний уулзалт нь хотуудын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, төлөвлөлтийг уялдуулах, олон талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал эхлэл боллоо.
Mongolian Flag Монгол
English Flag English