Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн О.Ганбатын үерийн эрсдэлтэй уулын амыг хэрхэн ногоон хамгаалалт, иргэдийн итгэл болгосон түүх

СБД-н иргэн О.Ганбат арваад жилийн өмнө Сэлэнгэ аймгаас нийслэлд нүүж ирээд Сүхбаатар дүүргийн 16-р хороонд анх суурьшсан. Тэрээр өмнө нь Өвөр Монголд гурван жил гутлын худалдаа эрхэлж байгаад одоо Эмээлт зах дээр малын дайвар бүтээгдэхүүнийг  хүнсний зах, дэлгүүрүүдээр түгээж, нийлүүлдэг хөдөлмөрч нэгэн юм.

Түүний түүхээс энэ хөдөлмөр зан нь ч илүү тодорхой харагдах бөгөөд тэднийхийг анх буусан газар нь айл амьдрахад бэрх, нурж уначихмаар эрсдэлтэй уулын жалга байлаа. Гэсэн Ганбат өөрийн амьдрах орчноо өөрөө бүтээхээр нэг зун 100 гаруй машин шороо зөөвөрлөн асгаж, газраа тэгшлэн хашаалсны эцэст тус газраа өөрөө эзэмших эрхтэй болжээ. Гэвч жалга жалга хэвээрээ л байв. Мөн ундны усаа 1 километрийн цаанаас өдөр бүр зөөнө. Бороо ороход уулын амаар буух үерийн ус тэдний хашаа руу шууд халина. Хэдийгээр хөрш зэргэлдээ айлууд нь өөрсдийгөө үерийн эрсдэлтэй жалгын аманд амьдарч байгаа гэдгээ мэдэх боловч ч энэ бол ганц ганцаараа шийдэж чадах асуудал огт биш байлаа.

Нэг өдөр Ганбатыг хөрш нь дагуулан НҮБ-ын Хабитат байгууллагын “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-н уулзалтад дагуулан оролцов. Тэр сургалтаар мод тарих нь зөвхөн орчныг чимээд зогсохгүй, үерийн усны эрчим, эрсдэлийг бууруулдаг байгалийн хамгаалалт болдог гэдгийг тайлбарласан нь О.Ганбатын сонорт хоногшжээ. Тэрээр сургалтын дараа гудамжиндаа буцаж ирээд хөршүүдтэйгээ ярилцаж, үерийн асуудлаа хамтдаа шийдэх, орчноо илүү аюулгүй болгохоор сэтгэл шулуудаж ойролцоох арван таван өрхтэй нэгдэн “Бүтээлч иргэд” бүлгээ байгуулсан юм.

“Хамгийн анх модны үрсэлгээ аваад хашаандаа суулгаж, усалж байсан үе бол миний амьдралын хамгийн дурсамжтай, хамгийн гоё мөчүүдийн минь нэг” гэж Ганбат дурсдаг.

Төслийн зүгээс мод тарих сургалтаас гадна бүлгийг хэрхэн зохион байгуулах, манлайлал гаргах, гамшигт бэлэн байх, хог хаягдлаа зөв зохион байгуулах, хүнсний ногоо тарих, төслийн санал бичих чиглэлээр олон удаагийн чадавхжуулах сургалт, уулзалтыг бүлгийн гишүүдэд орсон. Мөн Бүтээлч иргэд бүлгийн найман өрх ариун цэврийн байгууламжаа  шинэчлэн суурилуулахад дэмжлэг үзүүлсэн юм. Гэхдээ төслийн зүгээс үзүүлсэн хамгийн том хувь нэмэр нь тарааж өгсөн үрсэлгээ, барьж өгсөн байгууламж аль аль нь биш бөгөөд тус тусдаа зовж, шаналж байсан айлуудыг нэгтгэж, санаа сэтгэл нэгдсэн хамт олон болгосон явдал байв.

Мод тарихад эхний үед усалгаа хамгийн том саад болсон. О.Ганбат гурван тонны багтаамжтай усны саваар өөрийн машинаараа ус зөөдөг болов. Тэр зөвхөн өөрийн модоо услаад зогсохгүй, хөршүүдийнхээ хашаанд ус хүргэж, тэдний тарьсан модыг услахад нь тусалдаг байлаа. Энэхүү чин сэтгэлийн дэмжлэг нь хөршүүд, бүлгийн гишүүдэд маш их урам өгч, илүү их хичээх болсон. Удалгүй бүлгийнхэн гудамждаа худагтай болох зорилго тавьж, хорооны захиргаанд хамтарсан хүсэлт гаргаснаар 2023 онд гудамждаа худагтай болсон юм. Ус ойртсоноор хөдөлмөр хөнгөвчлөгдөж, иргэд зөвхөн хашаан доторх тохижилтоос гадна гудамжны тохижилтдоо анхаарч эхэлсэн. Өнөөдөр тэдний гудамж, хашаанд нийт дөрвөн зуу гаруй мод ургаж байна. О.Ганбатын тарьсан хайлаас модод хоёр гаруй метр өндөр болж, түүний хашаа таван төрлийн зуун тавь гаруй жимсний модтой ногоон төгөл болжээ.

Олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шим 2025 оны зун илүү тодорхой болсон бөгөөд тэр зун уулын амаар хүчтэй үер буухад урьдын адил айлуудын хашаа руу шууд оролгүй, тэдний ургуулсан моддын үндэс, иш нь урсгалын эрчийг сааруулж, усыг хумин, аюулгүй урсган өнгөрчээ. Олон жилийн турш айдас дагуулж ирсэн үерийн аюулаас иргэд өөрсдийн сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөөрөө тарьж ургуулсан моддынхоо тусламжтайгаар хамгаалагдаж чадсан нь тэдний хамтрал, хөдөлмөрийн үр шим юм.

Өнөөдөр “Бүтээлч иргэд” бүлгийнхэн гудамждаа тогтмол уулзаж, найрсаг халуун ууртайгаар дараагийн хамтын ажиллагаануудаа төлөвлөх уламжлалтай болсон. Тэдний хамгийн сүүлийн санаачилга нь хуучирч элэгдсэн модон хашаагаа өнгө үзэмжтэй болгох ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд энэ ажилд нь О.Ганбат манлайлан өөрийн хашааны нүүрэн талыг сольж, гудамжны төрхийг өөрчилж эхэлжээ.

Гамшгийн эрсдэлээс хамгаалах шийдэл, туршлага нь заавал том хөрөнгө оруулалт, инженерийн байгууламж байх албагүй бөгөөд иргэдийн жижиг үйлдэл, хамтын ажиллагаагаар шийдэж болох олон асуудал байдгийг энэ гудамж бидэнд харууллаа. Зохион байгуулалтад орсон арван таван өрх, зөв мэдлэг, оноцвтой чиглүүлэг гурав нийлэхэд уулын амны эрсдэлтэй бүс ч аюулгүй, ногоон, бүр нэмэлт орлоготой орчин болж хувирсан юм.

НҮБ-ын Хабитат байгууллагын төслийн багийн дэмжлэг, иргэдийн тууштай хамтын ажиллагаа, О.Ганбатын манлайлал тэдний гудамжинд ногоон хэрэм болон зогсож байна.