
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо нь олон жилийн турш зуны улиралд үерийн ус, өвлийн улиралд халиа тошин үүсэх эрсдэлд байнга өртдөг байв. Толгойтын гол дагуух гэр хорооллын айл өрхүүдийн хашаа, гудамж жил бүр ус болон мөсөнд автдаг байсан бөгөөд энэ нь иргэдийн амьдралд хүндрэл учруулж, хорооны захиргаанд иргэдийн гомдол санал байнга ирдэг асуудал байлаа.

Ялангуяа өвлийн улиралд үүсдэг халиа тошин нь оршин суугчдын амьдрах орчинд хамгийн их хүндрэл учруулдаг байв. Үүнийг арилгахын тулд хорооны зүгээс жил бүр мөс ухах, зөөх зэрэг арга хэмжээг авч, орон нутгийн төсвөөс ихээхэн хэмжээний зардал гаргах шаардлагатай болдог байсан байна.
Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Толгойтын голын сав газарт үерийн хамгаалалтын цогц дэд бүтцийн ажлыг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 2,050 метр урт үерийн хамгаалалтын суваг байгуулж, үерийн ус болон өвлийн халиа тошинг төвлөрүүлэн хуримтлуулах 2 ус хуримтлуулах цөөрөм барьж байгуулсан бөгөөд эдгээр байгууламжууд нийлээд 225,522 м³ ус болон мөс хуримтлуулах хамгаалалтын хүчин чадал бүрдүүлсэн юм.

Үерийн суваг нь ус болон мөсийг цөөрмүүд рүү чиглүүлэн төвлөрүүлэх, харин цөөрмүүд нь түүнийг аюулгүйгээр хадгалах үүрэгтэй нэгдсэн хамгаалалтын систем болж ажиллаж байна.
Бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны 10 дугаар сард бүрэн дуусгасан бөгөөд өнгөрсөн өвөл уг дэд бүтэц анхны удаа бодит нөхцөлд ажилласан юм. Өвлийн туршид үерийн суваг болон хоёр цөөрөм нийлээд ойролцоогоор 80 орчим хувийн дүүргэлттэйгээр ус, мөсийг хуримтлуулж, өмнө нь айл өрхийн хашаа, гудамжинд үүсдэг байсан халиа тошинг бүрэн зогсоож чаджээ. Үүний үр дүнд энэ өвөл нэг ч айл өрх, гудамж хашаа халианд өртөөгүй байна.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга Б. Батбаяр энэ талаар хэлэхдээ:
“Манай хороо өмнө нь зундаа үерийн ус, өвөлдөө халиа тошинд байнга өртдөг байсан. Үүнээс болж иргэд маш их зутардаг байлаа. Харин өнгөрсөн жил хэрэгжсэн энэ төслийн хүрээнд баригдсан үерийн далан, суваг, цөөрөм нь маш сайн ажиллаж, бид энэ өвлийг харьцангуй тайван өнгөрөөлөө. Өмнө нь жил бүр 50–100 сая төгрөгийн зардлаар мөс ухах, зөөх ажил хийдэг байсан. Зарим жилд 140 орчим айл өрхийн хашаа халиа тошинд автдаг байсан бол энэ жил нэг ч айл өрх халианд өртөөгүй.”
Энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд эмзэг гэр хорооллын бүсүүдэд чиглэсэн дасан зохицох дэд бүтцийн шийдлүүд бодит үр дүн авчирч болохыг харуулсан тодорхой жишээ болж байна. Мөн үерийн эрсдэлийг бууруулахаас гадна орон нутгийн төсвийн зардлыг хэмнэж, иргэдийн аюулгүй, тав тухтай амьдрах орчныг сайжруулахад чухал хувь нэмэр орууллаа.

Төслийг Adaptation Fund-ийн санхүүжилтээр UN-Habitat болон Development Solutions NGO хамтран хэрэгжүүлж байна.
