
2026 оны 6 дугаар сарын 11–12-ны өдрүүдэд “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн дунд мэдлэг түгээх сургагч багш бэлтгэх “Бэлэн бай” сургалтыг зохион байгууллаа.
Хоёр өдрийн сургалтад төсөл хэрэгжиж буй хороодын иргэд, Оршин суугчдын зөвлөлийн гишүүд, бүлгийн ахлагч, дэд ахлагч зэрэг нийт 90 хүн хамрагдсанаас 78 нь эмэгтэй, 12 нь эрэгтэй байв. Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-Хабитат болон Хөгжлийн Шийдэл ТББ хамтран зохион байгуулав.
Сургалтын гол зорилго нь оролцогчдын гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхээс гадна өрхийн түвшинд эрсдэлийг үнэлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөх практик чадвар эзэмшүүлэхэд чиглэв. Мөн оролцогчдыг сурсан мэдлэг, туршлагаа өөрийн хороо, хэсэг, оршин суугчдад түгээн дэлгэрүүлэх сургагч багшаар бэлтгэсэн нь сургалтын онцлог байлаа. Minutes of Meeting_15 June 2026…

Өрхийн бэлэн байдлыг бодитоор төлөвлөж сурлаа
Сургалтаар өдөр уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох хэрэгцээ, үер ус, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх болон сургагч багшийн арга зүй зэрэг сэдвийг хамрав. Оролцогчид зөвхөн онолын мэдээлэл сонсохоос гадна бүлгийн дасгал, хэлэлцүүлгээр дамжуулан гамшгийн үед болон дараа нь өрхийн түвшинд ямар арга хэмжээ авах талаар ажилласан.
Тухайлбал, үерийн эрсдэл үүсэх нөхцөл, хор уршгийг тодорхойлох, эрсдэлийг бууруулах боломжит шийдлүүдийг хэлэлцсэн бол гал түймрийн сургалтаар галын нийтлэг шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал унтраагуурын хэрэглээний талаар мэдлэг олгов. Газар хөдлөлтийн сэдвээр өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хамгаалах, аюулгүй нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулахад анхаарлаа.
Мөн ахуйн хэрэглээний химийн бодисын эрсдэл, аюулгүй хэрэглээ, хадгалалт, шошго тэмдэглэгээг таних болон өрхийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах чиглэлээр практик ажил хийлээ. Оролцогчид өөрийн өрхөд тулгарч болзошгүй гамшгийн эрсдэлийг тодорхойлж, түүнийг бууруулах арга хэмжээг төлөвлөхийн зэрэгцээ өрхийн бэлэн байдлын цүнх бүрдүүлэх, гэр бүлийн гишүүдийн уулзах цэгийг урьдчилан тогтоох, шаардлагатай холбоо барих мэдээллийг шинэчлэх зэрэг бодит алхмуудыг бэлэн байдлын төлөвлөгөөндөө тусгав.


Сурсан мэдлэгээ хороодын иргэдэд түгээнэ
Сургалтын төгсгөлд оролцогчид эзэмшсэн мэдлэг, аргачлалаа өөрсдийн амьдарч, ажиллаж буй нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх төлөвлөгөөг боловсруулж, сургагч багшийн гэрчилгээгээ гардан авлаа. Ингэснээр сургалтад хамрагдсан хэсгийн ахлагч нар өөрийн хороодын иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, дадлыг түгээн дэлгэрүүлэх боломжтой болж байна.
“Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд иргэдийн оролцоонд тулгуурлан өрх, олон нийтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр ийнхүү орон нутгийн сургагч багш нарыг чадавхжуулж байна.
