НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх Захирал Анаклаудиа Россбах COP17 бага хуралд оролцохоор Монгол Улсад айлчлах үеэрээ Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Толгойт гол орчимд хэрэгжиж буй “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” (GCRP) төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа. Тус төслийг Дасан зохицох сангийн санхүүжилтээр НҮБ-Хабитат байгууллага хэрэгжүүлж, Хөгжлийн Шийдэл ТББ гүйцэтгэгчээр ажиллаж байна.
 
Үерийн хамгаалалтын сувагтай танилцах үеэр хатагтай Анаклаудиа Россбах “Хөгжлийн Шийдэл” ТББ-ын төслийн баг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, тус дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга Б.Батбаяр болон нутгийн иргэдийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар төслийн хэрэгжилтийн үр дүн, оршин суугчдын амьдралд үзүүлж буй бодит нөлөөллийн талаар санал солилцлоо.
GCRP төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт нийт 2,035 метр урт үерийн хамгаалалтын суваг, 54.3 шоо метрийн нийт багтаамжтай мөс хуримтлуулах хоёр санг байгуулаад байна. Эдгээр байгууламж нь 60.6 га талбайг үерийн эрсдэлээс хамгаалж, 3,000 орчим өрхийн 12,000 гаруй оршин суугчийг үер, мөсний халиа, дошингийн аюулаас урьдчилан сэргийлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Төслийн онцлог нь Толгойт голын байгалийн үндсэн төрхийг хадгалсан, байгальд түшиглэсэн ногоон шийдлийг хэрэгжүүлж, иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлсэнд оршино. Мөн оршин суугчдыг төлөвлөлт, хэрэгжилтийн үйл явцад идэвхтэй оролцуулсан нь төслийн үр дүн, тогтвортой байдлыг улам бэхжүүлжээ.
Оролцогч талууд энэхүү төсөл нь гэр хорооллын иргэдэд тулгардаг байгаль орчин, эрүүл мэнд, нийгмийн харилцан уялдаатай олон асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, урт хугацааны үр өгөөжтэй, тогтвортой хөрөнгө оруулалт болсныг онцлон тэмдэглэв.