
СХД-ийн 26-р хорооны иргэн Д. Нэргүйбаатар:

Манай гэр бүл Булган аймгаас нүүж ирээд, 2003 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд буюу энэ газар дээрээ амьдарч байна. Анх ирэхэд голын голдирол нарийхан байсан бөгөөд 2015 оноос эхлэн суурьших айлуудын тоо эрс нэмэгдсэн. Улмаар 2018 оноос үерийн аюулд өртөж эхэлсэн юм. Хавар уулын шар ус хайлахад манай энэ хавь бүхэлдээ усанд автаж, зарим айлын гэрт ус орж, ширээ нь хүртэл хөвж байлаа шүү дээ. Ер нь үер болсны дараа орчин тойрон бүхэлдээ шавар шалбааг болж, явах ч аргагүй болдог сон. Ялангуяа нүхэн жорлон, муу усны нүхэнд ус орж хальснаас үүдэлтэй ариун цэврийн асуудал маш хүнд болдог байлаа. Түүнчлэн гол үерлэх үед шууд гараад төв зам руу орох боломжгүй тул заавал бүүр хойгуур “Цалгим” дэлгүүрийн урдуур явдаг байв.
Азаар энд үерийн далан суваг баригдаж, сайхан гүүртэй болсноор иргэд бидний цаг завыг хэмнээд зогсохгүй, гутал хувцас бохирдохгүй ая тухтай зорчих боломжтой боллоо. Мөн аюул эрсдэлээс ангижирсан төдийгүй далан дагуу хийсэн зүлэгжүүлэлт, суулгасан бургас нь орчныг үнэхээр сайхан болгож байна. Сэтгэл санаа хүртэл цэлмээд сайхан байна шүү. Зуны цагт усны шувууд ирэхээс гадна жараахай хүртэл үзэгдэх болсон. Одоо ач, зээ нар маань энд ирэх их дуртай болсон шүү.”

