Гэр хорооллын орчинд тохирсон ариун цэврийн байгууламжийг хөгжүүлэх, одоогийн нөхцөл байдлыг сайжруулах боломжийг хэлэлцлээ

НҮБ-ын Суурьшлын Хөтөлбөрийн “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Гэр хорооллын орчинд тохирсон ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хөгжүүлэх боломжууд” сэдэвт семинарыг Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн оршиг суугчдын бүлгийн иргэд, ариун цэврийн байгууламжийн угсралт, суурилуулалт хийдэг компани болон мэргэжлийн байгууллагын төлөөллийг хамруулан 2025 оны 7-р сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Семинарын үеэр Сүхбаатар болон Сонгинохайрхан дүүрэгт байгуулсан оршин суугчдын бүлгийн төлөөллүүд 2021 оноос хойш өөрсдийн хийж, айл өрхүүдэд суурилуулж буй өрхийн ариун цэврийн байгууламжийн сайн туршлага, хөгжүүлэлт, цаашдын төлөвлөгөөг хуваалцаж, бусад оролцогчидтой санал солилцсон. Мөн Их хаан бугуйвч ХХК, Монголын жорлонгийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагууд айл өрх болон нийтийн ариун цэврийн байгууламжийн сүүлийн үеийн технологи, чиг хандлага, олон улсын сайн туршлагыг хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариултууд өгч, цаашдаа хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Семинарын үр дүнд “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн зүгээс айл өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх ажлын хэсгийг байгуулж, дэмжин ажиллахаа илэрхийлсэн бөгөөд ажлын хэсэгт Монголын жорлонгийн холбоо, Их хаан бугуйвч ХХК, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн оршин суугчдын бүлгүүд, иргэд болон төслийн багийн гишүүдийг оролцуулахаар болсон.

Mongolian Flag Монгол
English Flag English